Шинээр ажилд орж байгаа ажилтанг дадлагажуулахтай холбоотой үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Ингэснээр дадлагажуулагч болон дадлагажигч ажилтны эрх, үүргийг тодорхойлж тэдний хоорондын харилцааг зохицуулах юм. Ажилтныг дадлагажуулах журманд үндэслэн ажилтныг дадлагажуулах, үнэлгээ тогтоох, хариуцлага тооцох зэрэг олон асуудлыг зохицуулах чухал ач холболдолтой юм.
Зохиогч: Tamga Admin
Шагнал урамшуулал олгох журам гэж юу вэ?
Ажилтны ажилдаа хандах идэвх санаачлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор шагнал урамшуулал олгох журмыг нийт ажилчдад нээлттэйгээр танилцуулан мөрдөж болно.
Шагнал урамшуулал олгох журмыг байгууллагын ажилчдын нийт саналыг нэмэлтээр оруулж болно. Энэхүү журмаар ажилчдын тогтвортой хөдөлмөр эрхлэлт, идэвхи санаачлагатай байдлыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Ажлын цаг тооцох журам
Хөдөлмөрийн тухай хуулинд ажил олгогч нь ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ажил олгогч ажлын цаг тооцох журмыг батлан нийт ажилчдад танилцуулах шаардлагатай. Энэхүү журмын зорилго нь ажлын цагийг үр дүнтэй ашиглахад хяналт тавих, хариуцлага тооцоход оршино.
Ажлын цаг тооцох журмаар дамжуулан ажлын цагийн бүртгэлийг хөтлөх нь ажилтанд цалин хөлс олгох баримтыг бүрдүүлэх бөгөөд цалинг ажилласан цагаар тооцож өгч болно.
Ажлын цаг тооцох журмыг мөрдүүлснээр ажилтанд ажлын цагийг мөрдүүлэх, ажил таслах, хоцрох тохиолдолд хариуцлага тооцох чухал ач холбогдолтой юм.
Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
- Ажилтан нь ажил олгогчийн удирдлага доор ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр байршилд өөрийн эсвэл ажил олгогчийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулна.
- Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний онцлог нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэх ажил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, цалин хөлс, үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүн, үзүүлсэн нэгж үйлчилгээний төлбөр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тусгайлан тохиролцож тусгадаг.
- Гэрээсээ ажиллах ажилтны тухайд хуульд тусгайлан зааснаас бусад тохиодолд үндсэн ажилтантай адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Гэрээсээ ажиллах ажилтны хувьд ажил, амралтын цаг үйлчлэхгүй бөгөөд гэрээсээ ажиллаж буй ажилтан өөрөө ажлын цагаа зохицуулна.
- Ажилтан нь энэхүү гэрээг байгуулснаар өөрийн ажиллах орчноо өөрөө сонгох боломжийг бүрдүүлж байна. Энэхүү гэрээ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг уян хатан, ажилтны нөхцөл байдалд уялдуулан өөрөө шийдэх боломжийг олгосон чухал ач холбогдолтой гэрээ юм.
Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
- Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болдог. Энэхүү гэрээний онцлог нь ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэргийг тусгайлан тохиролцож тусгадаг.
- Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч болон ажилтан нь ажил үүрэг гүйцэтгэх байршлаа харилцан тохиролцсноор хөдөлмөрлөх орчноо чөлөөтэйгээр сонгох боломжийг олгодог. Орчин үед байгууллагын онцлогоос хамаарч зайнаас ажиллах нь маш олон бэрхшээлийг даван туулахад чухал ач холбогдолтой юм.
Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?
Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу ажлын бүтэн бус цагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Тус гэрээнд өдөрт эсхүл долоо хоногт, эсхүл сард ажиллах нийт цаг, ажил эхлэх, ажил дуусах цагийг тусгайлан заана. Ажлын цагийг тусгайлан тусгах нь энэхүү гэрээний онцлог юм. Ажлын бүтэн бус цагаар ажиллаж буй ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотоод журам зэрэг нь бүтэн цагийн ажилтантай нэгэн адил үйлчилнэ.
Нөгөө талаас ажлын бүтэн цагийн ажилтны ажлын цагийг хууль тогтоогжид заасны дагуу богиносгосныг бүтэн бус цагаар ажилласанд тооцохгүй. Иймд бүтэн бус цагаар ажиллах ажилтны хувьд ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тусгайлан байгуулна. Ажил олгогч болон ажилтан хоорондоо тохиролцон ажлын цагийг тодорхойлсноор ажиллах уян хатан нөхцөлийг бүрдүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Эмнэлгийн ажилтаны хөдөлмөрийн гэрээ
Эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн гэрээ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага болох эмнэлэг болон эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, эмнэлэгт ажиллаж байгаа бусад ажилтан (ажилтан) хооронд үүсэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах зорилготой. Энэхүү гэрээ нь эмнэлэгт ажиллаж байгаа ажилтны үүргийг тусгайлан тусгаж өгсөн ба талууд эрх ашгийг хамгаалахад чиглэсэн болно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд талуудын эрх, үүргийг нарийн тодохойлж өгснөөрөө үүсэж болох аливаа маргаанаас зайлсхийх боломжтой юм.
Гэрээний бус үүрэг
Гэрээний бус үүрэг нь хуульд зааснаар бий болдог. Манай улсын иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.
Эрхзүйн харилцаанд оролцогчиднь харилцан гэрээ байгуулаагүйч гэсэн бие биеийнхээ өмнөүүрэг үүсэх тохиолдол гардаг. Үүнийг гэрээний бус үүрэг гэх ба энэ нь хуулийн дагуу үүсэх үүрэг, зөрчлөөс үүсэх үүрэг гэж ангилна. Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаанд
- Дундын өмчөөс үүсэх үүрэг /Дундаа хэсгээр өмчлөгчид нь уг өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцож шийдвэр гаргаж болно. Хэрэв ийнхүү шийдвэр гаргаагүй, хэлцлээр өөрөөр тогтоогоогүй бол дундаа хэсгээр өмчлөгч бүр шударга ёсны дагуу бусад өмчлөгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглалт, удирдлагын талаар шаардах эрхтэй. Дундаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрт оногдох хэсгээ ашиглах эрхтэй/
- Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх /Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэжбайгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нехөн төлөх ба талуудтохиролцожчадаагүй бол хохирлын хэмжээгшүүх тогтооно. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд ашигсонирхлоо хамгаалуулжбайгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг гаргаж, үүргийн үр дүнгээс олсон бүх зүйлийг ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд шилжүүлэх үүрэгтэй/
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбогдсон харилцаа хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэгт гэм хор учруулснаас үүсэх үүрэг хамаарна
Гэрээ байгуулах журам
БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилт нь төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ (хэлэлцээр, санамж бичиг, тохиролцоо, протокол зэрэг) байгуулах, уг гэрээг хянаж, бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Байгууллага хоорондын гэрээ байгуулах, түүнийг хянах, бүртгэх үйл ажиллагаандаа Олон улсын гэрээний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр
зөвлөмж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 46/26 дугаар зөвлөмж болон энэхүү журмыг тус тус баримтална.
1.3. Байгууллага хоорондын гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г Монгол Улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомжид нийцүүлж энэхүү журмын зохицуулалтыг удирдлага болгож байгуулна
Хоёр. Засгийн газраас зөвшөөрөл авах гэрээ
2.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага дараах төрлийн гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авна:
2.1.1. Олон улсын гэрээний тухай хуулийн 4.3-т заасан гэрээ;
2.1.2. бусад байгууллагын эрх ашгийг хөндсөн, эсхүл хамтарч үүрэг хүлээх гэрээ;
2.1.3. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа гэрээ.
2.2. Энэхүү журмын 2.1-д заасны дагуу Засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авахдаа Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын хуралдааны журам”-ыг баримтална.
Гурав. Гэрээнд тавигдах үндсэн шаардлага
3.1. Гэрээг монгол хэлээр болон гэрээний нөгөө талын албан ёсны, эсхүл гэрээний талуудын сонгон авсан өөр хэлээр тус тус үйлдэнэ.
3.2. Гэрээнд талуудын эрх, үүрэг, гэрээний үйлчлэх хугацааг тус тус тусгасан байна.
3.3. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага гэрээ байгуулах асуудлаар харьяалах дээд шатны байгууллагын саналыг авсан байна.
Дөрөв. Гэрээний төслийг урьдчилан хянуулах
4.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага мөн журмын 2.1-д зааснаас бусад гэрээг байгуулахаасаа 10 хоногийн өмнө уг гэрээний төслийг хянуулж, гэрээ байгуулах зөвшөөрөл авахаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийг хүргүүлнэ:
4.1.1. гэрээ байгуулах гэж байгаа нөгөө талтайгаа эцэслэн тохирсон гэрээний төсөл, түүний албан ёсны орчуулга;
4.1.2. гэрээ байгуулах шаардлага, ач холбогдол, санхүү, эдийн засгийн тооцоог тусгасан тодорхой танилцуулга;
4.1.3. гэрээний төслийн талаар нөгөө талтай хэлэлцээ хийх үед үйлдсэн хэлэлцээний тэмдэглэл, эрх бүхий дээд шатны байгууллагаас баталсан удирдамж зэрэг баримт бичиг.
4.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 4.1-д заасны дагуу ирүүлсэн гэрээний төслийг ажлын 14 хоногт багтаан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим болон Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг дүгнэлт хэлбэрээр гаргаж, холбогдох байгууллагад бичгээр хариу мэдэгдэнэ:
4.2.1. гэрээ байгуулах зөвшөөрөл;
4.2.2. гэрээний агуулга Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний зохицуулалттай үл нийцсэн зэрэг үндэслэлээр гэрээ байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзах.
4.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл энэхүү журмын 4.1-д заасны дагуу ирүүлсэн гэрээний төсөлтэй
холбогдуулан түүний төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тодруулах, хууль зүйн үндэслэлийг тогтоолгох зорилгоор санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч болно. Хэрэв эдгээр байгууллага гэрээний төслийн зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь зөвшөөрөөгүй тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн гэрээг байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад тодорхой үндэслэлийг тусгасан дүгнэлтийг хүргүүлнэ.
4.4. Энэхүү журмын 4.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Тав. Гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, гарын үсэг зурах шийдвэр гаргах
5.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллагын удирдлага гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх эрхтэй. Гэрээний төслийн талаар хэлэлцээ хийхдээ өөрийн талд ач холбогдолтой, үр дүнтэй зохицуулалтыг тусгах, эрх хэмжээнээсээ хэтэрсэн зохицуулалтыг тусгахгүй байх, гэрээ байгуулах гэж байгаа нөгөө талын албан тушаалтны албан тушаалын түвшин нийцэж байх эсэхийг харгалзах үүрэгтэй.
5.2. Энэхүү журмын 4.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулсан гэрээний төсөлд тухайн байгууллагын удирдлага
гарын үсэг зурна. Тухайн байгууллагын гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж нь гэрээ байгуулах нөгөө талаас эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж байгаа эсэхэд хяналт тавина.
Зургаа. Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, хэрэгжилтийг тайлагнах
6.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага гэрээний хэрэгжилтийн талаар тухайн байгууллагын удирдлагын Зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргана.
6.2. Байгууллага бүр тухайн жилд байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг (гэрээний дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан үр дүн) дараа жилийн эхний улиралд багтаан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Долоо. Гэрээг цуцлах
7.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус яамнаас урьдчилан хянасан гэрээний төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсан тохиолдолд уг гэрээг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг дагаж мөрдөхгүй байх тухай дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд энэ талаар холбогдох байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
7.2. Энэхүү журмын 7.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг дагаж мөрдөхгүй байх тухай дүгнэлт гаргасан тохиолдолд тухайн гэрээг бүхэлд нь, эсхүл түүний холбогдох хэсгийг гэрээ байгуулсан байгууллага өөрөө, эсхүл Засгийн газар хүчингүй болгоно.
Найм. Гэрээний хадгалалт, бүртгэл
8.1. Гэрээ байгуулсан тухайн байгууллага гэрээний эх хувийг дараах баримт бичгийн хамт хадгалах үүрэг хүлээнэ:
8.1.1. гэрээний жинхэнэ эх;
8.1.2. энэхүү журмын 4.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл;
8.1.3. гэрээний төслийн талаар хэлэлцээ хийсэн уулзалтуудын тэмдэглэл, бусад холбогдох баримт бичиг;
8.1.4. гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтны нэр, албан тушаал.
8.2. Гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор гэрээний хуулбарыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.
8.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгууллага хоорондын гэрээг бүртгэж, бүртгэлийн дугаарыг тухайн байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
8.4. Энэ журмын 8.3-т заасны дагуу бүртгүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно.
Ес. Хариуцлага
9.1. Энэхүү журмыг зөрчиж гэрээ байгуулсан, байгуулсан гэрээгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Гэрээ байгуулахад анхаарах зүйлс
– Гэрээ байгуулах гэж байгаа нөгөө талынхаа иргэний үнэмлэхний хуулбар, одоо оршин суугаа хаяг (ТҮЦ машины лавлагаа, хорооны тодорхойлолт гэх мэт), утасны дугаарыг заавал ав. Аж ахуйн нэгж бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, эрх бүхий байгууллагуудын лавлагаа (улсын бүртгэл, татвар, нийгмийн даатгал, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэх мэт), тайлан тооцоог заавал авч харах хэрэгтэй. Эсвэл хуульч болон хуулийн байгууллагаар legal due diligence буюу хууль зүйн дүн шинжилгээ хийлгэж, гэрээ байгуулах хуулийн этгээдийнхээ байр байдлыг судалж болно. Гэрээ цаашид хэрхэн хэрэгжих вэ гэдэгт энэ асуудал маш чухал бөгөөд гэрээ хэрэгжихгүй болох үед ч та шүүхэд хандлаа гэхэд нөгөө талын тань дээрх мэдээллүүд хэрэгтэй, эс бөгөөс нөгөө талын тань оршин суугаа хаяг мэдэгдэхгүйгээс болоод эрэн сурвалжлуулахаас эхлээд олон хүндрэлүүд үүсч, цаг хугацаа, мөнгө төгрөгөөрөө хохирно.
– Гэрээ хэрэгжих эсэх асуудалд дээр дурдсан нөгөө талын тань байр байдлаас гадна мэдээж олон хүчин зүйл нөлөөлнө. Тиймээс ирээдүйд ямар нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ гэдгээ хуулинд нийцүүлэн гэрээндээ сайн тусгаж өгөх хэрэгтэй. Аливаа гэрээг хүмүүс нотариатаар батлуулахаар сайн хэрэгжинэ гэж боддог, үнэндээ гэрээ хэрэгжихээ хүрвэл нэг өгүүлбэр байсан ч хэрэгжинэ, хэрэгжихгүйгээ хүрвэл мянган сайхан өгүүлбэр, хэдэн арван нотариатаар батлуулаад ч хэрэгжихгүй. Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуулинд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой түүнийг худалдах, шилжүүлэх, барьцаалах хэлцлүүд болон итгэмжлэл, гэрээслэлийг л нотариатаар заавал гэрчлүүлж байж хүчин төгөлдөр болдог бөгөөд бусад гэрээний хувьд заавал батлуулж, мөнгө төгрөгөө зарлагадах шаардлагагүй.
– Хэчнээн ах дүү, хамаатан садан, сайн найз нөхөд байсан ч гэрээгээ бичгээр байгуул, тэгээд гэрээ болон аливаа мөнгө шилжүүлсэн баримтаа хадгал, дараа нь гэрээгээ нөгөө тал зөрчвөл шүүхэд хандахад тань бичгээр хийсэн гэрээ л нотлох баримт болно, та амаараа яаж ч яриад нотолж чадахгүй. Хүн цагаа тулаад эд хөрөнгө, мөнгө төгрөгтэй нь холбоотой асуудал шүүх дээр яригдаад эхлэхээр ямар ч сайн найз нөхөд, хамаатан садан хамаагүй, өөрийгөө л хамгаалсан баримтуудыг гаргаж ирж, нотолж ярьдаг гэдгийг хэзээд санах хэрэгтэй. Та амаараа нөгөө талтайгаа юу ярьж тохирсныг шүүх дээр нотлох хэцүү, шүүх гагцхүү цагаан дээр хараар бичсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтыг л хүлээж авна.
– Гэрээгээ байгуулахдаа болж өгвөл хуульчаас зөвлөгөө ав, хуульчаар гэрээгээ хийлгэ. Мэргэжил бол мэргэжил байдаг, та өөрөө хууль уншаад түүнд нийцүүлээд гэрээний загвар дээр гэрээгээ бичлээ ч яг хуульч шиг эрсдэлээ сайн тооцоолж бичих үү гэдэг эргэлзээтэй. Хуульчаас зөвлөгөө авах, гэрээгээ хийлгэх хэдэн төгрөгөө хэмнээд хэчнээн зуун сая төгрөгөөрөө ч хохирох тохиолдол гардаг. Хуульч танд гарч болох бүх эрсдэлүүд, түүнд хэрхэн тохируулж гэрээгээ хийхийг зөвлөөд өгнө, эрсдэл их байсан ч гэрээ байгуулах шийдвэр гаргах эсэх нь таны асуудал. Хуульчаас зөвлөгөө авч, хуульчаар гэрээгээ хийлгэх нь гэрээ хэрэгжихэд 100 хувь нөлөөлнө гэсэн үг биш, хуульч бол хуулийн хүрээнд үүсч болох эрсдэлийг тооцон, хожим маргаан үүсвэл таныг хамгаалах зохицуулалтуудыг оруулж өгнө гэсэн үг.
Хуульч, өмгөөлөгч П.Анударь