Өмгөөллийн үйлчилгээ

Хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж, өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.

Өмгөөллийн үйлчилгээний төрөл

Өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар:

-хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;
-хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;
-иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;
-нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;

шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
… зэрэг үйл ажиллагаа явуулна.

Шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;
иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох;
олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;
шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;
хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх.
Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

Өмгөөллийн үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан үзүүлж болно.

Өмгөөллийн үйлчилгээ хамтран үзүүлэх хуулийн этгээдийн хэлбэр нь нөхөрлөл байх бөгөөд өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.

Өмгөөллийн хуулийн этгээдийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүд нь заавал өмгөөлөгч байна.

Өмгөөлөгч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар өмгөөллийн үйлчилгээ явуулбал түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл хариуцлага хүлээлгэдэг.

Хуульчдын холбоо өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтлэнэ.

Өмгөөллийн үйлчилгээ, туслалцаа авах /өмгөөлөгчөө сонгох/

Хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх, эсхүл Хуульчдын холбоонд хүсэлт гарган тус холбоон дахь өмгөөлөгчдийн болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаанаас сонголт хийх замаар өмгөөллийн үйлчилгээ туслалцаа авах боломжтой.

Иргэн, хуулийн этгээдийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаа өгч болно.

Иргэн та хуульчид хандан өмгөөлөгчөөр сонгон хууль зүйн туслалцаа авах эрх, сонголт нь таны эрх мөн боловч дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

Өмгөөлөгчөөр ажилласан жил, туршлага
Мэргэжсэн чиглэл, эрүү, иргэн, захиргааны хэрэг г.м
Таньд хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллах цаг зав боломжтой эсэх нь тодруулах
Телевиз, сошиал, цахим хуудсаар байнга гардаг өмгөөлөгч хамгийн сайн гэсэн үг биш.