Өв залгамжлах хүсэлт гаргах

ӨВ ЗАЛГАМЖЛАЛ
Хуульд зааснаар өвлөх
Хууль тогтоогчийн тогтоосон нөхцөл, журмын дагуу өв залгамжлахыг хууль ёсоор өв залгамжлах гэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулинд “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй” гэж заасан нь хууль ёсоор өвлөх эрхийн үндсийг баталгаажуулсан. Үндсэн хуулийн дээрх заалт нь Иргэний хуулинд илүү нарийвчлан зохицуулсан байдаг.
Иргэн өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа үл хөдлөх, хөдлөх хөрөнгө болон эрхийг бусдад гэрээсэлж амжилгүй нас барсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуульд заасны дагуу хэнд, ямар хэмжээтэйгээр өвлүүлэх талаар зохицуулсан харилцааг Хуульд зааснаар өвлөх гэнэ.
Хууль зааснаар өвлөх гэдэг ойлголт нь дараах нөхцлүүдээс бүрдсэн байна. Үүнд:
· Иргэн нас барсан байх,
· Нас барагчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх үлдэх
· Нас барагч нь бүх эд хөрөнгө, эрхээ хэн нэгэнд өвлүүлэхээр гэрээслэл үйлдэж нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлээгүй байх,
· Хуульд заасан өвлөх эрхтэй этгээд байх
Нас барагчийн эд хөрөнгө, эрхийг түүний өвлөгчид хуульд заасан үндэслэлээр өв залгамжлах эрхтэй.
Хууль ёсны өвлөгчид:
Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсоор өв залгамжлах эрхтэй этгээдүүд өвлөх хэмжээ, ээлж дараалалыг тогтоосон байдаг. Дор дурьдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил өвлөх эрхтэй.
· Нас барагчийн хууль ёсны эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан эцэг, эх, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн эхний ээлжинд өвийг авна.
· Дээрх өвлөгч байхгүй, тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нь өвлөн авна.
Гэхдээ өвлөгчид тодорхой нөхцөл шаардлагыг хангасан байхаар хуульд тусгайлан зохицуулсан байгааг анхаарах нь зүйтэй.
Өв хүлээн авах хүсэлт:
Та өв хүлээн авахыг хүссэн бол хуулийн хугацаанд нотариат болон Сумын засаг даргад 1 жилийн дотор хүсэлт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.
Өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй иргэн хуулийн хугацаанд хүсэлт /1 жилийн дотор/ гаргаагүй бол хуульд зааснаар өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзнэ. Жишээлбэл: гадаадад суралцах, амьдрах хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол та өв хүлээн авах эрхгүй болно.
Та нас барагчийн хөрөнгө эрхийн өмчлөгч болохын тулд хуулийн хугацаанд хүсэлт гаргасан мөн өвлөх эрхийн гэрчилгээ нотариатчаас гардан авсан үед албан ёсоор өмчлөгч, эрх залгамжлагч болно.
Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг дараахь баримт бичгийг үндэслэн олгоно.
1. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хувийн хүсэлт
2. Иргэний хуулийн 532.1-д зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн тохиролцож өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилаж хийсэн хэлцэл
3. Баг, хорооны Засаг даргаас олгосон тодорхойлолт
4. Нас барсан тухай гэрчилгээ /сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан бол шүүхийн шийдвэр/
5. Өвлөгдөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт /эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хадгаламжийн дансны дэвтэр гэх мэт/
6. Холбогдох лавлагаа, түүнийг олгосон байгууллагын нэр, огноо, дугаар /гэрлэж байгаагүй, төрсөн, нас барсан, үрчилсэн, гэрлэлтийн тухай лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа гэх мэт/
7. Хууль ёсны өвлөгч болохыг нотлох /иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ,төрсний, үрчилсний гэрчилгээ бусад бичиг баримт/ Материал бүрдүүлэн нотариатчид хандана.
Өвлөгчид хөрөнгө эрхийг тэнцүү авахаар хууль зохицуулсан боловч Иргэний хуулийн 532 дугаар зүйлд өвлөгч нар маргахгүй бол хоорондоо харилцан тохиролцож өвлөх боломжтой, хэрэв маргаан гарвал шүүхээр өвийн хэмжээг тогтооно.
Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг 70131933, 90008000 дугаарын утсанд холбогдож авна уу.

өв залгамжлах хүсэлт гаргах

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *