Санхүүгийн тайлан гэж юу вэ? Хэзээ тайлагнах вэ?

Бизнес эрхлэхэд хүн бүр л “Санхүүгийн тайлан”-г хугацаандаа илгээх талаар зөвлөдөг ч хэрхэн илгээх, юунд анхаарах ёстой талаар хэн ч чиглүүлж зааж өгдөггүй. Бид энэхүү нийтлэлдээ санхүүгийн тайлан гэж юу болох? хэзээ тайлагнах хэрэгтэй талаар тун энгийнээр тайлбарлан дэлгэрэнгүй бэлтгэлээ.

Юун түрүүнд, Санхүүгийн тайлан гэдэг нь таны бизнесийн анхны эхлэлээс өдийг хүртэлх хугацааны санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн, тооцооны илэрхийлэл бөгөөд энэ нь ирээдүйд хөрөнгө оруулагчдад таныг ойлгуулахад туслах хэрэгцээт хамгийн чухал шаардлагатай баримт юм.

Санхүүгийн тайлан нь үндсэн 5 хэсгээс бүрддэг бөгөөд аж ахуйн нэгж татан буугдсан эсэх эсвэл үйл ажиллагаа нь зогсонги байгаа эсэхээс бусад тохиолдолд хэвийн үргэлжилнэ гэж үзэн “Тасралтгүй байх зарчим”-аар сар бүр, улирал бүр, жил бүр бэлтгэн тайлагнадаг. Үүнд:

  1. Баланс
  2. Орлогын тайлан
  3. Мөнгөн гүйлгээний тайлан
  4. Өмчийн өөрчлөлтийн тайлан
  5. Санхүүгийн тайлангийн тодруулга багтана.

Баланс: Аж ахуй нэгжийн санхүүгийн байдлын хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмч зэрэг үзүүлэлтүүдийг тодорхой хугацаагаар тасалбар болгон харуулдаг. Балансыг 2 ангилан хуваана. Нэгт, Хөрөнгө. Хоёрт, Өр төлбөр болон өмч.

Тухайн компанийн борлуулалтын орлого нь 0-6 тэрбум хүртэлх бол жилд 2 удаа санхүүгийн тайланг явуулдаг.

  • Эхний тайланг 7-р сарын 20-ны дотор
  • Жилийн эцсийн тайланг 2-р сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллага болон e-balance.mof.gov.mn хаягаар явуулна.

Харин 6 тэрбумаас дээш орлоготой бол улирлын санхүүгийн тайлангаа тухайн улирал бүрийн эхний сард тайлагнах бол харин жилийн эцсийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллага болон e-balance.mof.gov.mn хаягаар явуулна.

 

Нэр томъёоны тайлбар:

Хөрөнгө: Аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа эсвэл тухайн байгууллагын хяналтад байгаа мөнгөөр хэмжигдэх боломжтой эдийн засгийн нөөц баялгийг хэлнэ.

Өр төлбөр: Аж ахуйн нэгж, байгууллагын бусдын өмнө хүлээсэн эдийн засгийн хариуцлагыг хэлнэ.

Эзэмшигчдийн өмч: Эзэмшигчдийн өмч гэдэг нь бизнес эзэмшигчдийн эзэмшил (өмч) бөгөөд энэ нь бизнесийн эзэмшигчийн эзэмшиж буй бизнесийн хөрөнгийн дүн юм.

Өмч: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байж болох үнэлж болох бүхнийг хэлнэ.

 

Орлогын тайлан: Тухайн компанийн орлого зарлагыг хооронд нь харьцуулж ашигтай ажиллаж байгаа эсэхийг харуулдаг. 0-6 тэрбумын орлоготой компани 10%-ийн ашгийн татвар төлдөг бол 6 тэрбумаас дээш орлоготой бол 10%-ийн татвар төлөөд 6 тэрбумаас дээш гарсан хэсэгт нь орлогын 25%-д бодож татвар төлнө.

Мөнгөн гүйлгээний тайлан: Аж ахуйн нэгжийн тайлант хугацааны мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн өөрчлөлтийг харуулсан ба тайлан мөнгөний орох гарах урсгалыг харуулдаг. Дараах үндсэн хэсгүүдтэй.

  • Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
  • Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
  • Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

Өмчийн өөрчлөлтийн тайлан: Өмчийн өөрчлөлтийн тайлан гэдэг нь тайлант хугацаанд өмчид гарсан өөрчлөлтийг бүгдийг тусгасан байна.

Хэрэв аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага бол өмчийн өөрчлөлтийн тайландаа өнгөрсөн 2 жилийг одоогийн жилтэйгээ тусган харуулна. Үйл ажиллагаа нь шинээр эхэлсэн бол өнгөрсөн жилүүдийг 00-р буюу хоосонгоор тайлагнана.

Санхүүгийн тайлангийн тодруулга: Үндсэн болон туслах үйл ажиллагаатай холбоотой байгууллагын данс тус бүрийн задаргааг харуулна.

 

Нэр томъёоны тайлбар:

Үндсэн үйл ажиллагаа: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаагаа явуулдаг үндсэн чиглэлийг хэлнэ.

Туслах үйл ажиллагаа: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн үйл ажиллагаанаасаа гадна явуулж байгаа үйл ажиллагааг хэлнэ.

 

Та санхүүгийн тайлангаа хугацаанд нь үнэн зөвөөр тайлагнаснаар:

  • Орлого, зарлагын хяналтаа сайжруулна.
  • Торгууль төлөхгүй.
  • Хариуцлагатай болно.
  • Төлөвлөлт сайжрана.
  • Хяналт сайжрана.
  • Ирээдүйд гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Харин тайлангаа хугацаанд нь тайлагнахгүй эсвэл худал тайлагнавал дараах эрсдэлүүд тулгарна шүү!

  • Торгууль төлнө. /Хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулна./
  • Тайлан буцаагдана.

Та тайлан, тооцоог нягтлан бодогч эсвэл мэргэжлийн зөвлөхөөр хийлгэдэг байсан ч татварын хуулинд зааснаар татварын албанд гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч өөрөө буюу та хариуцах үүрэгтэй тул хариуцлагатай хандаарай.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *