УИХ-аас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ыг баталсан. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ыг батлан, мөн өдрөөс эхлэн даган мөрдөж байна.

Дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгчийн хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээний талаар, дагаж мөрдөх журмын тухай хуулиар тухайн харилцаанд хамаарах хугацааг тус тус зохицуулсныг танилцуулъя.

Барьцаалан зээлдүүлэх газар нь Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцох бөгөөд уг зохицуулалт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарна. Үүний дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн Зээлдэгчид мэдэгдэх үүргийг Барьцаалан зээлдэх газар хүлээнэ.

Мөн Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээний хүү, алдангиас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглосон байна. Тус зохицуулалт нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш байгуулсан Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгчийн зээлийн гэрээнд хамаарах бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилнэ.

Түүнчлэн дээрх зохицуулалтуудыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө Барьцаалан зээлдүүлэх газарт төлж барагдуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алданги, бусад шимтгэл хураамжийн харилцаанд буцаан хэрэглэхгүй болно.

Хэрэв Зээлдэгч нь Барьцаалан зээлдүүлэх газрыг дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргана. Тухайн гомдлын дагуу албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулах, ийнхүү албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэх, үйл ажиллагааг бүртгэлээс хасуулахаар холбогдох байгууллагад санал гаргах эрхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлнэ.