– Гэрээ байгуулах гэж байгаа нөгөө талынхаа иргэний үнэмлэхний хуулбар, одоо оршин суугаа хаяг (ТҮЦ машины лавлагаа, хорооны тодорхойлолт гэх мэт), утасны дугаарыг заавал ав. Аж ахуйн нэгж бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, эрх бүхий байгууллагуудын лавлагаа (улсын бүртгэл, татвар, нийгмийн даатгал, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэх мэт), тайлан тооцоог заавал авч харах хэрэгтэй. Эсвэл хуульч болон хуулийн байгууллагаар legal due diligence буюу хууль зүйн дүн шинжилгээ хийлгэж, гэрээ байгуулах хуулийн этгээдийнхээ байр байдлыг судалж болно. Гэрээ цаашид хэрхэн хэрэгжих вэ гэдэгт энэ асуудал маш чухал бөгөөд гэрээ хэрэгжихгүй болох үед ч та шүүхэд хандлаа гэхэд нөгөө талын тань дээрх мэдээллүүд хэрэгтэй, эс бөгөөс нөгөө талын тань оршин суугаа хаяг мэдэгдэхгүйгээс болоод эрэн сурвалжлуулахаас эхлээд олон хүндрэлүүд үүсч, цаг хугацаа, мөнгө төгрөгөөрөө хохирно.

– Гэрээ хэрэгжих эсэх асуудалд дээр дурдсан нөгөө талын тань байр байдлаас гадна мэдээж олон хүчин зүйл нөлөөлнө. Тиймээс ирээдүйд ямар нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ гэдгээ хуулинд нийцүүлэн гэрээндээ сайн тусгаж өгөх хэрэгтэй. Аливаа гэрээг хүмүүс нотариатаар батлуулахаар сайн хэрэгжинэ гэж боддог, үнэндээ гэрээ хэрэгжихээ хүрвэл нэг өгүүлбэр байсан ч хэрэгжинэ, хэрэгжихгүйгээ хүрвэл мянган сайхан өгүүлбэр, хэдэн арван нотариатаар батлуулаад ч хэрэгжихгүй. Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуулинд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой түүнийг худалдах, шилжүүлэх, барьцаалах хэлцлүүд болон итгэмжлэл, гэрээслэлийг л нотариатаар заавал гэрчлүүлж байж хүчин төгөлдөр болдог бөгөөд бусад гэрээний хувьд заавал батлуулж, мөнгө төгрөгөө зарлагадах шаардлагагүй.

– Хэчнээн ах дүү, хамаатан садан, сайн найз нөхөд байсан ч гэрээгээ бичгээр байгуул, тэгээд гэрээ болон аливаа мөнгө шилжүүлсэн баримтаа хадгал, дараа нь гэрээгээ нөгөө тал зөрчвөл шүүхэд хандахад тань бичгээр хийсэн гэрээ л нотлох баримт болно, та амаараа яаж ч яриад нотолж чадахгүй. Хүн цагаа тулаад эд хөрөнгө, мөнгө төгрөгтэй нь холбоотой асуудал шүүх дээр яригдаад эхлэхээр ямар ч сайн найз нөхөд, хамаатан садан хамаагүй, өөрийгөө л хамгаалсан баримтуудыг гаргаж ирж, нотолж ярьдаг гэдгийг хэзээд санах хэрэгтэй. Та амаараа нөгөө талтайгаа юу ярьж тохирсныг шүүх дээр нотлох хэцүү, шүүх гагцхүү цагаан дээр хараар бичсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтыг л хүлээж авна.

– Гэрээгээ байгуулахдаа болж өгвөл хуульчаас зөвлөгөө ав, хуульчаар гэрээгээ хийлгэ. Мэргэжил бол мэргэжил байдаг, та өөрөө хууль уншаад түүнд нийцүүлээд гэрээний загвар дээр гэрээгээ бичлээ ч яг хуульч шиг эрсдэлээ сайн тооцоолж бичих үү гэдэг эргэлзээтэй. Хуульчаас зөвлөгөө авах, гэрээгээ хийлгэх хэдэн төгрөгөө хэмнээд хэчнээн зуун сая төгрөгөөрөө ч хохирох тохиолдол гардаг. Хуульч танд гарч болох бүх эрсдэлүүд, түүнд хэрхэн тохируулж гэрээгээ хийхийг зөвлөөд өгнө, эрсдэл их байсан ч гэрээ байгуулах шийдвэр гаргах эсэх нь таны асуудал. Хуульчаас зөвлөгөө авч, хуульчаар гэрээгээ хийлгэх нь гэрээ хэрэгжихэд 100 хувь нөлөөлнө гэсэн үг биш, хуульч бол хуулийн хүрээнд үүсч болох эрсдэлийг тооцон, хожим маргаан үүсвэл таныг хамгаалах зохицуулалтуудыг оруулж өгнө гэсэн үг.

Хуульч, өмгөөлөгч П.Анударь